Monday, August 24, 2009

Ариусын шүлгээс...

Шүлгэнд дуртай надад Ариус найз минь өөрийн шүлгийн цоморлигоосоо хэдийг нь бяцхан ном болгож дурсгасан юм. Бүх шүлэг нь үг хэлэхийн аргагүй гайхалтай, заримаас энд бичмээр санагдаад. Шүлгүүдээ заавал ном болгож гаргаарай, фэнээс чинь.

Хэн Нэгний Аз Жаргал Байхсан

Хээр талд өвс өвсөө үнсэхийг анирдан
Хэнийх ч биш ганцхан миний амрагаа тэврээд
Хивс олбогоор дүүрэн өрөөнд бус
Хээнцэрхэн цэцгүүд дунд жаргалтайхан суухсан

Хоржигнон урсах голын чимээг үл анзааран
Хоёр зүрхээ л сонсон чимээгүйхэн зогсохсон
Хонхон цэцгийг таслалгүй энхрийлж үнсээд
Хорвоод биднийг учруулсанд баярлалаа гэж шивнэхсэн

Хэн нэгний аз жаргал нь байхсан
Хэлтгий заяа гэж хичнээн ч удаан гуниглах вэ
Хэрэвзээ зөвийг бодож амьдарвал
Хэнийг ч алаг үздэггүй хайр шүү дээ

Залуу хархүүд

Даарч байна уу гэж түүнээс битгий асуу

Дахиад хэзээ уулзах вэ гэж түүнийг бүү сандарга

Дан цамц, туяахан бэлхүүсээр нь тэвэр

Дандаа хамт шүү гэж чихэнд нь шивнэ


Шивнэх үгсийн чинь дулаанд тэр даарахгүй

Шиврэх бороо ч түүнд хүйтэн санагдахгүй

Ширтэх харцнаас чинь гал олж харвал

Шинэхэн өглөө бүрийг чамтай угтаж чадна


Харин өчүүхэн ч гэсэн эргэлзээ чамайг эзэмдвэл

Харуй бүрийгээс өмнө гэрт нь хүргээд буцаарай

Хайртай гэдэг үгийг цухуйлгаад ч хэрэггүй

Хайлган сэтгэл нь хөрчихвөл буцаад өрдөхөд хэцүү


Хэзээ ч юм түүнтэй учрах хайрыг бүү сэвтээ

Хэрэггүй үгэнл булагдсан сэтгэл нь нээгдэхгүй

Хэний ч юм үнэнч сэтгэлд итгэхгүй

Хэнз цэцэг шиг болгоно түүнийг.


All copyrights to Arius