Tuesday, October 17, 2017

Ээж.. Арслан 2



Тийм ээ.. би Монголдоо бүр мөсөн ирсэн... сэтгэл минь дүв дүүрэн.. нүд минь баярын нулимс дүүрэн мэлтэлзэж байна..

Одоо миний хувьд аав, ээж та 2 минь гэж бодож байна.. өмнө нь албатай юм шиг 7 хоногтоо нэг очиж хоол идээд л, буцаад гардаг байж дээ.. одоо та 2 минь хэзээ мөнх бус ч юм шиг...

Ямартаа ч Бүтэнсайндаа Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн хэмээх буянтай сайхан бүтээн байгуулалтаар ээжтэйгээ олон арван жил сэтгэл зүрхэнд нь байсан нандин дурсамж, сургамжийг нь сонсонгоо 3 км замыг гангар гунгар гээд алхах нь аз жаргал нэгэнтээ болжээ. Харин сүүлийн нэг 7 хоногт аав ээжийн минь гэрт Арслан хэмээх кавказ овчарк гэрийн шинэ гишүүн болон ирсэн.. Барсаагаа мөрөөсөл болсон аав ээж 2 минь Арслантай боллоо.. Барсаа минь гэхдээ сайн айлын хашаанд эрх дураараа, хүзүү нь бүдүүрээд л.. мундаг байгаа... биднийг очих болгонд л үсчин зовхорч, газарт хөрвөөн эрхлээд л..
Аан гэснээс.. сүүлийн хэдэн өдрүүдэд энэ дуу маш их таалагдаж байна.. Энгийн, эгэл бүхэн сэтгэлд хүрэх юм даа https://www.facebook.com/duuchingantulga/videos/2083041388597969/?hc_ref=ARTVJoGcqPEvET6wwIBWLJO982IYMdcmhQwZ2BDirU4pkKJZUjDAZsYxEuWD9Qjs--Q






Thursday, March 30, 2017

нэмэх, хасах, таталцал, түлхэлцлийн хууль

Аливаа амьтай болоод амьгүй зүйлст сэтгэл минь татагдаад, цаг хугацааны эрхээр, таталцал, түлхэлцлийн хуулиар сэтгэл, хүндэтгэлээ алдах үе гардаг. Тэр л үед эдгээрээ аварч гарахын тулд өөрөө түр холдоод, сэтгэл минь дахин бэлэн болсон цагт буцаж тэр оршихуйд орох, тэр хүмүүстэйгээ уулзаад байдаг хандлага, дадалтай хүн шиг байгаа юм. 


Tuesday, March 21, 2017

Хичээлийн сүүлийн 7 хоног

Английн Засгийн Газрын тэтгэлэг болох Чевенингийн тэтгэлгээр (http://www.chevening.org/) Лондонгийн эдийн засгийн сургуульд (London School of Economics) суралцсаар хичээлийнхээ сүүлийн 7 хоногтой учирч байна. Энд сургууль нь 2 семестертэй байдаг ба 9-12 сар, 1-3 сар гэж ордог. Тэгээд шалгалтууд, бие даалтууд, дипломын ажил гээд эхэлж байна даа.

Өдөр хоногууд Лондонд харвасан сум шиг л өнгөрлөө: ингэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлс нь хичээлийн хажуугаар зохиогдох маш олон төрлийн үйл ажиллагаануудад оролцсоных байх. Жишээлбэл, өдөр бүр судалгааны үр дүн, арга зүйн талаар дэлхийн болон Английн шилдэг судлаачид танилцуулга хийж, оюутнууддаа тэдгээрт хамрагдах боломж олгодог нь онолын мэдлэгийг тэр дор нь бодит амьдрал дээр сонсох, харах боломжтой болгодог.

Сургууль маань хотын яг төвдөө, оюутны байр маань Лондон Бриж буюу сургуулиас 40 минут алхах газарт байдаг. Дөлгөөхөн урсах Тэмс мөрний хажуугаар, дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянгаараа ирэх жуулчидтай хамт алхдаг даа. Гэхдээ бүүр эрт өглөөний цагаар бол ажилдаа яарсан Англичууд түргэн түргэн алхалж, зарим нь спортын хувцастайгаа гүйж, эсвэл дугуй унаж явна.

Лондонд ер нь хүмүүс ихэнхидээ л ийш тийшээгээ алхана. Манай сургуулийн олон нийтэд зориулсан лекцүүд бүгд подкаст хэлбэрээр рекордлогдчихдог болохоор утсандаа хуулж аваад хаашаа ч алхсан толгойгоо давхар цэнэглэчихдэг тул алхах бол бас ажил шиг болчихдог (нээлттэй лекцүүд) Мөн сургуулийн маань судалгааны институуд (Жишээ нь: Тэгш бус байдлын судалгаа, Английн Хүн амзүйн Холбоо, Хүн ам, хөгжил) өөрсдийн болоод Английн статистикийн газраас, улсын судалгааны байгууллагуудаас, олон улсын банк, байгууллагуудаас судалгааны үр дүнгээ танилцуулсан олон төрлийн семинар, уулзалтууд зохион байгуулж, подкаст хэлбэрээр дараа нь сонсоход бэлдээд өгчихдөг. Тэдгээрийг утсандаа татаад ийш тийшээ алхахдаа сонсоод явдаг. Тэгэхээр ер нь хаашаа ч явсан төвөгшөөхгүй, давхар үр дүнтэй байдаг.

Энэ бүхнээс илүүтэйгээр Монголоо маш их санаж байна даа. Болдогсон бол Эх орондоо одоо ингээд л оччихмоор байна. Дахиж л ингэж хайртай бүхнээсээ хол явахгүй байхсан. Өдөр хоногоо тоолон тоолон буцах өдрөө тэсэн ядан хүлээж байна.

Saturday, February 18, 2017

урам зоригийн үгс

"Бид юу олж авснаараа амьжиргаагаа залгуулдаг бол юу өгснөөрөө амьдралыг бий болгодог" гэж Уинстон Черчилл хэлснээс урамшаад явчлаа шүү :)

Winston Churchill: ‘We make a living by what we get. We make a life by what we give.’

Monday, January 30, 2017

Арвайн гурилаар сэтгэлээ тайтгаруулахуй

Өвлийн амралтаараа Монголдоо очоод буцахдаа арвайн гурил 16 уут буюу 16 кг авчирсан. Сүүлийн 2 жилд өглөө бүр иддэг хоол минь арвайн гурил болсон байсан юм.. тэгээд Лондонд ирснээс хойш арвайн гурилаа идэж чадахгүй, оронд нь овьёос хэдэн сар идээд, хоолшиж өгөхгүй байсан. Харин сая амралтаараа занан байж хэдэн уут авчирсан даа.. өглөө бүр Монголынхоо амтыг мэдрэн, өдрийн хүчээ цэнэглэж авдаг.. эх орон, гэрээ санасан сэтгэлийг минь хуваалцдаг ганц барьцтай зүйл болоод байгаа даа.. Нэг долоо хоногт, 1 уутыг дуусгаж байна.. тэгэхээр ямартаа ч 5 сар хүрчих байх аа гэж найдаж байна.

Оюутны амьдрал, 2017 оны 1 сарын 29

Sunday, January 29, 2017

Хурдан харихсан..

Сэтгэл минь дахиад л савлаад эхэлчихсэээн.. Монголоо үгүйлэн санах энэ сэтгэлийн зовлонг ямар ч сайхан улс орон, хүмүүс, соёл, хоол унд сарниулж чадахгүй юм даа.. 

Зөрөн өнгөрөх түм буман хүмүүс ч эх орон луугаа тэмүүлэн лугшиж буй энэ зүрхийг тайтгаруулж дийлэхгүй.. улам ганцаардлын гүн рүү би яваад байна... 

Чадвал 3 сарын сүүлээр хичээл амрахаар Монголдоо очоод ирнэ ээ.. дахиад л гадаадад сурахгүй юм шүү.. 


Одгүй шөнө

2011 оны 8 сар

Тэнгэрт нэг ч одгүй уйтай шөнө байна
Тээр алсад гэхдээ чи байж л байгаа
Зөрнө гэхэд арай дэндүү зөрөөд байна
Зүүдэнд биш амьдралд буугаач

Bye Bye


2012 оны 5 сар

Мартья даа чамайгаа
Гэхдээ дурсамжууд маань дэндүү сайхан
Магад дахиад гоё учралууд
Гарч ирээд дахиад уяраах л байх

Bye Bye



2011 он

Аялгуу дуу намайг хөтлөөд
Алсын алсад одчих юм
Ар араасаа хөвөрсөн бодолдоо умбаад
Ажил төрлөө ч мартчих юм


Goodbye 2010, Welcome 2011


Он солигдох энэ мөчид хэдхэн хормыг гарган 2010 оноо дүгнэн сууна.

Улиран буй 2010 он тандаа БАЯРЛАЛАА гэж хэлмээр байна. Та намайг:
- Олон сайхан хүмүүстэй уулзаж, учруулжээ.
- Эх орны минь үзэсгэлэнт аймгуудаар явуулжээ /Увс, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Баян-Өлгий/
- Дахин толгойгоо цэнэглэх боломж олгожээ /Тайланд/
- Эрүүл энх, элэг бүтэн байлгажээ.

Эргээд харахад 2010 ондоо харамсах зүйл байхгүй шиг санагдана. 2011 он танд олон олон адал явдал, амжилт бүтээл дүүрэн байх болно оо гэж найдаж байна.

Цагаан цаас шиг шинэ жил нь чи гэвэл
Бэхэнд дүрэгдсэн бийр нь би юм
Гэгээлэг өнгөтэй зургуудыг хамт зурья

Welcome 2011!

Өглөө сайхаан


Өглөө болж үүр цайхад
Өөрийн эрхгүй сэтгэл гийдэг
Өчигдрийн болоод өнгөрсөн бүхэн ард
Үйлс бүтээл дүүрэн шинэ өдөр урд