Английн Засгийн Газрын тэтгэлэг болох Чевенингийн тэтгэлгээр (http://www.chevening.org/) Лондонгийн эдийн засгийн сургуульд (London School of Economics) суралцсаар хичээлийнхээ сүүлийн 7 хоногтой учирч байна. Энд сургууль нь 2 семестертэй байдаг ба 9-12 сар, 1-3 сар гэж ордог. Тэгээд шалгалтууд, бие даалтууд, дипломын ажил гээд эхэлж байна даа.
Өдөр хоногууд Лондонд харвасан сум шиг л өнгөрлөө: ингэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлс нь хичээлийн хажуугаар зохиогдох маш олон төрлийн үйл ажиллагаануудад оролцсоных байх. Жишээлбэл, өдөр бүр судалгааны үр дүн, арга зүйн талаар дэлхийн болон Английн шилдэг судлаачид танилцуулга хийж, оюутнууддаа тэдгээрт хамрагдах боломж олгодог нь онолын мэдлэгийг тэр дор нь бодит амьдрал дээр сонсох, харах боломжтой болгодог.
Сургууль маань хотын яг төвдөө, оюутны байр маань Лондон Бриж буюу сургуулиас 40 минут алхах газарт байдаг. Дөлгөөхөн урсах Тэмс мөрний хажуугаар, дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянгаараа ирэх жуулчидтай хамт алхдаг даа. Гэхдээ бүүр эрт өглөөний цагаар бол ажилдаа яарсан Англичууд түргэн түргэн алхалж, зарим нь спортын хувцастайгаа гүйж, эсвэл дугуй унаж явна.
Лондонд ер нь хүмүүс ихэнхидээ л ийш тийшээгээ алхана. Манай сургуулийн олон нийтэд зориулсан лекцүүд бүгд подкаст хэлбэрээр рекордлогдчихдог болохоор утсандаа хуулж аваад хаашаа ч алхсан толгойгоо давхар цэнэглэчихдэг тул алхах бол бас ажил шиг болчихдог (нээлттэй лекцүүд) Мөн сургуулийн маань судалгааны институуд (Жишээ нь: Тэгш бус байдлын судалгаа, Английн Хүн амзүйн Холбоо, Хүн ам, хөгжил) өөрсдийн болоод Английн статистикийн газраас, улсын судалгааны байгууллагуудаас, олон улсын банк, байгууллагуудаас судалгааны үр дүнгээ танилцуулсан олон төрлийн семинар, уулзалтууд зохион байгуулж, подкаст хэлбэрээр дараа нь сонсоход бэлдээд өгчихдөг. Тэдгээрийг утсандаа татаад ийш тийшээ алхахдаа сонсоод явдаг. Тэгэхээр ер нь хаашаа ч явсан төвөгшөөхгүй, давхар үр дүнтэй байдаг.
Энэ бүхнээс илүүтэйгээр Монголоо маш их санаж байна даа. Болдогсон бол Эх орондоо одоо ингээд л оччихмоор байна. Дахиж л ингэж хайртай бүхнээсээ хол явахгүй байхсан. Өдөр хоногоо тоолон тоолон буцах өдрөө тэсэн ядан хүлээж байна.
1 comment:
Хурдан явахсан гээд л байж байна. Монгол маань хэдий сайхан хүний нутагт очоод санадаг ч гэсэн бас хүний нутгийг нутагтай байхдаа санаад байх. :) :P
Post a Comment