Tuesday, March 1, 2011

хуудас, хуудсаар


Нэг өгүүллэг уншаад их таалагдлаа. Хүмүүс амьдралд тохиолдож байгаа үйл явдлуудаас дүгнэлт хийхийг урьтал болгох хандлагатай байдаг гэнэ ээ. Гэтэл тэр тохиолдож буй үйл явдлууд сайн үр дагавартай юм уу, муу үр дагавартай юмуу гэдгийг яг тухайн үед хэлэх боломжгүй. Учир нь энэ бол 'амьдрал' хэмээх агуу том ботийн зөвхөн нэг л хуудас нь. Нэгхэн хуудас уншаад тухайн ном цаашид хэрхэн өрнөхийг, төгсөхийг дүгнэж болдоггүй шиг л..

Семестер дуусах гээд ойрд хичээл ихтэй байгаа ч, энэ үеийн хуудсууд маань ирээдүйн бүлгүүдэд нилээн ач холбогдол авч ирэх байх хэмээн найдан, шамдан сурсаар л байна. МУИС-т оюутан байсан үе минь санагдаж байна.. хичээлийнхээ хажуугаар карманы хэдэн мөнгө олох гэж сонинд зар өгөн бичгийн орчуулга хийн шөнөжин суудаг байж билээ. Намуухан аяз, өтгөн байхууг ханиа болгочоод л - ядарна гэдгийг ч тоож, мэдрэхгүй - гоё үе шүү.

Бүүр урд үеийн түүхийг сөхвөл, 10 жилд байхад хичээл тараад шууд харина гэж байдаггүй байж билээ. Өглөө 8аас ороод 12:25д тардаг байлуу.. Тарангуут багш компьютерийнхээ лаборатори луу бүгдийг нь оруулаад баахан бодлого өгөөд 6 хүртэл суулгачихдаг байлаа. Тооны гүнзгий анги байсан болохоор, өдөржин шөнөжин тоо бодоод л, тоогоор амьсгалсан он жилүүд байлаа. Гэрийн даалгавар гээд л бараг өдөр бүр 100 бодлого өгдөг байсан шиг санагдана. Заримдаа жоохон хүүхдүүдэд ахадсан мэт ачаалалтай байсан ч, бидэнд маш их тэсвэр хатуужил олгосон юм даа, багш минь, цаагуураа.

Багадаа олсон тэр чанар, оюутан байхад ашиг тусаа их өгсөн.. Хэдий яг тухайн үеүдийн хуудсууд ядралт, нойр хүрэлт, сульдалт, уйтгартай ч юм шиг түүх зөндөөтэй байсан ч, хойших бүлгүүддээ улам л баян өрнөлүүдийг өгч байсан юм байна аа.

Яг одоо унтах ч эрхгүй суугаа би өөрийгөө энэ бүх түүхээр зоригжуулан сууна. Улам л сайхан ирээдүй урд минь байна. Хэдхэн өдрийн нойр юу байх вэ, тэ.. тэглээ ч энэ долоо хоног дуусаад ангиараа долоо хоног field trip хийж, сайхан амрах болохоор..

шинэ уриа: хуудас, хуудсаар..

Thursday, January 20, 2011

Камбужид аялсан тэмдэглэлээс

Бага байхдаа "Камбуж ардын үлгэрүүд" гээд нилээд зузаан үлгэрийн номыг дахин дахин унших дуртай байж билээ. Гэхдээ тухайн үед Камбужыг бодит улс гэж бодоогүй, үлгэрийн нэг орон л юмуу даа гэж боддог байлаа. Гэтэл яасан бэ гэвэл.. хэхэ тэр үлгэр домгийн гэмээр улсдаа очих хувь заяа тохиодийм байна..

Камбуж 14,8 сая хүн амтай, үндсэн хуульт хаан засаглалт, зүүн өмнөд Азид оршдог.

Нэг зөрчилтэй сонирхолтой ч гэмээр зүйл бол үлгэрт их л сайхан орон шиг санагдаж байсан улсынхаа тухай том болоод энээ тэрээ юм уншаад ирсэн чинь түүхийн аймар хар хуудастай орон байсныг олж мэдсэн. Пол Пот гэгч улсын захирагч нь 1975-1979 онд улсынхаа тархи ухаан нь болсон 7 сая гаруй сэхээтнүүдээ хомроголон устгасан.. evil crazy...

Байгалаа эгчтэйгээ хамт нэгэн турист компаниар зуучлуулан автобус дүүрэн жуулчидтай Khao San Road-ээс өглөө 8 цагт хөдлөөд, Камбужид орой 9 цагийн үед очоод, замдаа ядарсныг хэлэх үү үхсэн юм шиг унтлаа.

Тэр цагаан хаалганы цаана Камбуж

Маргааш нь тэр гайхамшигт Angkor Wat буюу эртний нийслэлийг нь өдөржин явж үзлээ. 12-р зуунд баригдсан энэ том сүм хийдийн байгууламж үнэхээр сүрлэг, аргагүй л сая сая жуулчдыг татсан газар байна лээ. Бид 2 нэг өдрийн билетийг нь л авлаа. Тэр нь ч үнэхээр хангалттай байсан.. яахав хосоороо, гэр бүлээрээ ирж байгаа хүмүүс тэр 3 өдрийн, 7 өдрийн билетүүдийг нь аваад дугуй унаад, сүм хийдүүдээр нь тойрон аялал хийж, зураг хөрөг аваад явж байгаа харагдана.

инээмсэглээд л..


Туурь ба хоёр бүсгүй


Энэ мод, байгууламж 2 нээх романтик аа

Орой нь гарч хооллочихоод, сайхан бүжиглэлээ.. Ерөөсөө тэр хавь бол ресторан, клаб, худалдааны гудамжаар дүүрэн - дэндүү commercial болсон газар байна лээ. Маргааш өглөө нь sweet second home Thailand гээд буцсан даа.


Thursday, January 6, 2011

Mongolian Best Dance Crew

Амралтын 2 долоо хоног минь үүгээр дуусч, нөгөөдөр өглөө Тайланд руу нисэх нь дээ. Нүд ирмэх зуур л өнгөрчихлөө.. Шинэ жил гэдэг оргилуун сайхан баярыг нижигнэтэл тэмдэглэдэгээр Монгол маань алдартай шүү дээ. Энэ л үеэр ирсэн болохоор анд нөхөдтэйгээ бөөн бөөнөөр нь уулзаад л сайхан байлаа. Санта Клаус 31-ны орой орж ирсэн нь том сюрприз байсан. Баярлалаа гоё номнууд бэлэглэсэнд..

За одоо яг бичье гэсэн юмаа бичье. Өчигдөр 6 дахь 7 хоног дээрээ явж байгаа 'Mongolian Best Dance Crew' циркт үзлээ. 7 хамтлаг шувтарч үлдсэний нэг нь 'Beatn1g Family' ба хамтлагийн гишүүн Тулга дүүгээ дэмжихээр очлоо. Долоо хоног бүр бүжгийн сэдэв өгдөг ба энэ 7 хоногийнх нь сэдэв нь 'Монгол.' Манай залуу үеийнхэн үнэн тасарчихаж дээ.. ямар ч мундаг бүжиглэдэг юм, хөөрхөн ч сэтгэмж гаргах юм..

Нэг л юм харин сэтгэл өвтгөлөө.. Орон даяар, тэр байтугай дэлхий даяар, youtube-ээр энэ тэмцээн цацагдаж байгаа. Шүүгчдийн нэг МУСТА Төмөрчөдөрийн Төгсөө Монгол улсын аюулгүй байдал, гадаад харилцаанд хохирол учруулахуйц өгүүлбэр хэллээ. 'Бөртэ Чонын Үрс' хамтлагийн нэг гишүүн бүжгийнхээ төгсгөлд боксын бээлий өмсөн бусад гишүүдээ нам цохиж олимпын медаль хүртэж буй агуулгыг дүрслэн харуулсныг шүүгч Төгсөө 'Нэг Монгол нь бээлий өмсөөд 5 хятадыг нам цохиж байхаар, бүгд бээлий өмсөөд 1 хятадыг нам цохьсон бол дээр байсан юм.' гэдэг байна. Өө кашмаааар гэж... Тэр хүн нэг газар найзтайгаа Хятадыг муулаад ярьж болно л доо, гэхдээ улс, дэлхий даяар өөрийнх нь үг бүр гарч байгааг ер нь ухамсарладаг юм болов уу...??

Зиа зиа, ямар ч байсан бухимдлаа сайхан гаргачихлаа. Тулга дүүдээ болон 'Beatn1g Family' хамтлагийнх нь бүх гишүүнд амжилт хүсье!





Saturday, December 18, 2010

Тайланд таалагдаж байна

Хүний газар эрдмийг сурахаар ирээд 3 сар хагас болжээ. Өвлийн амралт эхэлж, 2 хоноод эх орондоо очно. Аавдаа үнсүүлж, ижийдээ тэврүүлж, дүүгээ харна гэхээс, анд найзуудтайгаа хөгжилдөнө, амин ярианууд өрнүүлнэ гэхээс л байж ядна, сэтгэл минь аль хэдийн нисээд хүрчихжээ, тэнд.

Энэ олон жил энэ тэрүүгээр сурч, аялж явахад эх орон минь элэгнээс уяа нь алдуурсан мөч байсангүй ээ. Үргэлж бодолд байгаастай, санаастай, гансраастай.. Гэхдээ л би явчихаад байдаг.. 'homesick' байна аа гэж гоншигонох эрхгүй болтлоо л 'санаад байна.. санаад байна.. буцмаар байна' гэдэг үгсийг хэлж дээ.. Гэхдээ л би явчихаад байдаг..

Анх удаа би гадаад оронд сурч байхдаа enjoy болж байгаа түүх болж байх шиг байна.. Мэдээж академик чанарын хувьд ярих юмгүй маш сайн. Үүнээс гаднах хэд хэдэн фактор байх шиг байна аа нөлөөлж буй..

Урин дулаан уур амьсгал:
За би бээр болбоос, наранд их дуртай.. энд хамаг хүн амьтан нарнаас бултаж, зонтокдож, аймар халуун байхад л ханцуйтай юм өмсч, халхалж болох юм бүхнээр арьсаа борлохоос хамгаалж байхад, би нарны өөдөөс инээмсэглэн, дулаан илчийг нь шингээн алхах дуртай. Орой үдэш ч дулаахан хэвээр, аадар борооны дараа ч дулаахан хэвээр.. За тэгээл, далайд сэлж, эрэг дээр нь хэвтэх үнэхээр гайхалтай шүү дээ..

Хоол унд:
Тропикал бүс болохоор энд өмнө хэзээ ч харж, сонсож байгаагүй жимс, ногоо элбэг : шив шинэ, амттай, айөмөр хямд.. Монголдоо бол би мах идэх дуртай; харин энд ирээд тэр дуршил бүр алга болчихсон. Угаасаа ногоонуудаа янзын хуурна... Загасаа гоё болгоно. Нэг үгээр бол Тайланд улс хоол ундны тал дээр үнэхээр зохиж байна аа. Хоолыг тайланд хэлээр ААНХААН гэдэг, хөөрхөн байгааз. Аанхаан арой - амттай хоол гэсэн үг болно.

Монголчууд маань их ирэх юмаа
Тайланд ямар ч байсан US-г бодвол ойрхон, тал өдөр нисээд хүрээд ирдэг учраас энд ирж амрах, эмчлүүлэх (Бумрунград эмнэлэг) хүмүүс тасардаггүй юм байна. Үүний ачаар нилээдгүй хүмүүстэй танилцаж, найз нөхөд болж байна. Энэ бол маш чухал үзүүлэлт! Монголчуудтайгаа ойр байна, харилцаатай байна гэдэг бол, цэцгээр ярьвал би усалгаатай буюу хатаад гандчихаагүй байна гэсэн үг.

Тайландчуудын амьдралын хэв маяг
Тайландчууд их хөдөлмөрч юм уу даа. Зүгээр сууж байгаа хүн бараг харагдахгүй.. Бүгд л хөдөлж байдаг, бүтээж байдаг юм шиг.. Орой нарны илч буурах үеэр оюутнууд бүгд л гадаанаа гарна шүү дээ.. дугуйгаа унаад л, гүйгээд л, хөл бөмбөг, сагсаа тоглоод л - бүгд ХӨДӨЛГӨӨН - ЭРҮҮЛ МЭНД гэсэн лоозонтой юм шиг амьдарна. Би ч алтны дэргэд гууль шарлана гэгчээр жим-д явж, усанд сэлээд л.. Өө тэгээд, уухгүй юм, татахгүй юм.. Их л зөв хүмүүжилтэй, гүүди гүүди хүмүүс байх юм аа. Ганц дарс уух тайланд олох хэцүү шүү..

Өө тэгээд, Тайландчуудаас сурах юм зөндөө л байна дөө.. нэхх тайван, дөлгөөхөн, гоё инээмсэглэдэг, бие биенээ хүндэлдэг, тусархуу хүмүүс шүү.

Дээрхи хүчин зүйлсүүдийн улмаас амарчихаад буцаж ирж үргэлжлүүлэн сурахдаа би сэтгэл хангалуун байх болноо. Гайхамшигтай юм, анх удаа л ингэж бодож байна!

Wednesday, October 13, 2010

7 дүү хүнтэй?

Ер нь би өөрөөсөө ах хүнтэй сууна гэж бодсоор ирсэн, бодож ч байгаа л даа. Гэхдээ нэг баримт хэлэхэд, хэрэв би өөртэйгээ чацуу хүнтэй суулаа гэхэд л, тэр маань надаас 7 жилийн өмнө өнгөрөх магадлалтай. Учир нь Монгол эмэгтэй хүний дундаж наслалт 70 байхад, эрчүүдийнх нь 63 байна (2010 оны байдлаар).

Хөвгүүд охидоос илүү тоотойгоор төрдөг ч (105:100), эрүүл мэндээрээ охидоос сулдуу байдаг ба төрөлтийн дараахан эндэх нь илүү, мөн осол, зодоон цохионоор амиа алддаг. Тэгээд бэлэвсэн эмээ нар их болдог жамтай хорвоо.

Уул нь өвгөнтэйгээ гар гараасаа хөтлөлцөн өтөлбөл хичнээн сайхан.. Тэгэхээр, өөрөөсөө дор хаяж 7 дүү хүнтэй суух болох нээ.. not likely for me, though..

Tuesday, October 5, 2010

Тайландад өнгөрөх нэг жил

Өнөөдөр Тайланд улсад сурахаар ирээд яг 1 сар болж байна. Тайландад ирнэ, тэр тусмаа сурна гэж зүүдлээ ч үгүй явлаа. За цаашлаад, цэнхэр залуутай рүүммейтлэнэ гэж бүр ч... хэхэ амьдрал аа, гэж бөөн сюрприз юмуу, хаашаа юм..
Тайланд улс 66 сая хүн амтай; Бангкок хот 9 сая хүнтэй. Голч нас нь 34, харин манай улс 25. Хүмүүс нь зөөлөн дуутай, тусархаг, инээмсэглэсэн, ер нь л тийм аймаар биш юм. Эр, эмгүй л туранхай, туяхан хүмүүс. Гэхдээ намхандуу. Би өндөр өсгийтөө өмсөөд явахаар ихэнхийг нь оройноос нь хараастай, кк.
Баклаврын оюутнууд нь бүгд цагаан сорочка, хар юбка, брюк өмсөх юм. Харин магистр, докторын оюутнууд энгийн хувцаслана. Тэр цагаан цамц, юбкыг нь худалдаж авч өмсөөд, BA оюутнууд шиг хичээлдээ хааяа явж байвал зүгээр ч юмуу гэж бодогдоно. Ер нь иймэрхүү дүрэмт хувцсын системийг манай их дээд сургуулиуд нэвтрүүлж болдоггүй юм байх даа..

Одоо борооных нь улирал учраас өдөр бүр дуу цахилгаантай ширүүн бороо орж байна- гэхдээ гоё дулаахан бороо..
Над шиг жимс, ногоонд дуртай хүнд бол Тайланд диваажин мэт - шив шинэхэн, хямдхан, урьд өмнө үзэж хараагүй өнгө, төрх, амттай тропикал жимсүүд.
Гэхдээ л ямар ч сайхан зүйл байсан нутгаа санасан сэтгэлийг минь дүүргэж чадахгүй л байна, ер нь чаддаггүймөө. Азаар Тайланд Монголтой ойр учраас зарим нэг найз нөхөд минь ирэх сурагтай.

Tuesday, August 17, 2010

нээх сайхан шүлэг унших юмсан...