Friday, May 6, 2011

Хүлээсэн мөч ойртож байна даа


Долоон бурхан одыг сая харлаа.. Тайландад ирснээс хойш анх удаа л од харж байна.. харах харахдаа 7 бурхан одоо харлаа.. Монголынхоо одод анивчсан цэлийсэн уудам тэнгэрийг харахад нээх сайхан байдаг сан.. ялангуяа, лагерь дээр :)) Монголдоо буцахад 7хон өдөр үлдсэнийг бэлэгшээн оддыг минь харуулаад ч байгаамуу?...

Сэтгэл минь тан руу үргэлж татагдана
Соронз юмуу гэлтэй, миний эх орон
Хайрласан, хүлээсэн хүмүүсээр дүүрэн
Хүндийн төв болохоор тэр юм болов уу..

Monday, April 25, 2011

Төрсөн өдөр, зочид, усны баяр

Сүүлийн хоёр долоо хоног үнэхээр сайхан өнгөрлөө. Блог ертөнцөөр дамжуулан анх танилцаж байсан Номио найз маань Монголоос ирж хамтдаа хэдэн өдөр ханьтай, хөгжилтэй гоё байлаа. Мөн эндэхийн Цагаан Сар бую Усны Баяр Сонгкран 4 сарын 13-15нд болж, жинхэнэ мартахааргүй өвөрмөц юм үзсэн дээ. Зүгээр л энд тэндээс ус цацаастай, усан буу онилоостой, шавар нүүр нүдгүй түрхээстэй... уурлаж болохгүй, уурлах гээд үг хэлэх гэвэл ам руу чинь шавар орно гэх мэтчилэн.. Бангкокын төв гудамж болон жуулчдын гудамжууд пиг хүн.. хоорондоо ус, шавраар байлдаад.. яг л хүүхэд насандаа очсон мэт.. Тайланд хүмүүс үүнийгээ бүх гэм муу муухайгаа арилгаж байгаа гэж үздэг юм билээ.



Залгуулаад 26 насны төрсөн өдөр 4 сарын 16нд боллоо. Тайландад ирээд танилцсан Монгол найзуудтайгаа мартахааргүй, маш сайхан тэмдэглэсэн. "Чимгээгийн төрсөн өдөр" гээд социализмын үеийн нэг кино байдаг даа.. тэрний II ангийг хийсэн, гээлүү, кк.. Найзуудын маань дийлэнхи нь эмч; Бангкокт Монголынхоо нэрийг гарган нэр төртэйгээр сурч, ажиллаж яваа залуу сайхан сэхээтнүүд байгаан.. Энэ хэдээрээ дамжуулан эмч хүний зовлон жаргалыг зөндөө их сурч авч байна дөө..

Нөгөөдөр Бангкокт болох НҮБ-ын Хүн Амын Сангийн симпозиумд Монголынхоо төлөөлөгчидтэй хамт 2 өдөр оролцоно. Тэндээс сурсан зүйлээсээ дараагийн бичлэгээр хуваалцана аа.

Дипломын урьдчилсан хамгаалалт 5 сарын 10нд болсон. Хичээл 13нд дуусна; тэгээд л эх орон тандаа харина даа. 2хон долоо хоног үлджээ :D

Sunday, April 10, 2011

3 мангар

Сингапурт ирсэн 2 дахь өдөр өнгөрч байна. Сонирхолтой, соёлтой хот улс юм аа. Хөгжил гэж ярихын аргагүй мундаг. Ирээд хуучны нэг андтайгаа уулзахад: "Эндэхийн хүмүүсийн хийдэг 3 л зүйл байдаг: гадуур хооллох, кино үзэх, шоппиндох; зүгээр л аймаар баян" гэж хэлсэн нь нүдэн дээр үнэхээр ил. Нэг сонирхолтой гоё санагдсан зүйл гэвэл үйлчилгээний салбарт /таксины жолооч, аяга таваг хураагч г.м/ өвөө эмээ нарыг ажиллуулж, төр засгаасаа бодлогоороо тэднийг дэмжин ажилтай байлгадаг юм байна.

Бичье гэсэн гол зүйлдээ орьё.. Өнөөдөр нэг кино үзлээ. '3 мангар' (3 idiots) гэдэг Энэтхэг кино; 2009 онд хийгдсэн. Үйл явдал Энэтхэгийн инженерийн топ их сургуульд өрнөнө. Өчнөөн олон жилийн турш тэнд сурсан оюутнууд мэдлэгийг автоматаар цээжилж машин шиг л байсан уламжлалыг нэгэн өдөр эгэл хэрнээ суут оюутан ирснээр цохилт өгдөг. Гол мэссэжүүд нь: оюутнуудад, 'дуртай зүйлээ мэргэжлээ болго'- 'make your passion profession;' багш нарт, 'загас өгөх биш загас барихыг заа'-'don't give fish, but teach how to fish;' бүгдэд: эзэн хичээвэл заяа хичээнэ'- pursue excellence, then success follows.'

Механикийн инженерээр сурч буй тэдний ихэнхи нь бөөн айдастай, аав ээж нь сур л гэсэн учраас сурдаг - нэг үгээр дургүй юмаа сураад байдаг. Бүүр амиа хорлосон тохиолдлууд ч гарч байна лээ..
Өө тэгээл манай 3 мангар найз нөхөрлөл гэдгийн утга учир, хайр золиосыг сэтгэл хөдлөм үйл явдлуудаар харуулна даа. Кино үзээд амьдралдаа хоёр л удаа уйлж байсан надад энэ киног үзэж байхад бараг 6 удаа уйлах шахсан, бас зөндөө юм ухааруулсан нтр заавал үзээрэй 'two thumbs up and highly recommended' л гэмээр байна даа.

Monday, March 21, 2011

52 хоног үлдлээ

Сүүлчийн семестр эхэлсээн.. Монголдоо буцахад яг 52 өдөр үлджээ.. ирсэн өдрөөсөө эхлээд л буцах өдрөө хүлээсэнсэн, хэхэ. Хүн ам зүйч-судлаач гэсэн мэргэжлээр Махидол гэдэг энэ их сургуульд магистрын зэрэг горилон сурч байгаа билээ. Хэдийгээр 5 сард хичээл дуусах ч, энд үлдэж дипломоо бичээд 8 сард хамгаалах ёстой, дүрэм ёсоор... харин би 5 сард Монголдоо буцан, тэндээ дипломоо бичих зөвшөөрөл авахын тулд комисст 5 сараас өмнө дипломынхоо60%-ийг нь дуусгана гэж ам гарч байж зөвшөөрүүллээ. Үүнийхээ шанг хүртэж, хичээлийнхээ хажуугаар дипломоо бичиж байгаа- олон зүйлийг хамт хийх нь эрүүл мэндийн хувьд тиймэрхүү нөлөөтэй байгаа ч, хэхэ, нутагтаа хурдан очно доо гэсэн сэтгэл намайг урагшлуулж, хүч өгч байна. Зунжингаа сайхан Монголдоо :) тэгээд 8 сард буцаж Тайланд ирж дипломоо хамгаална даа.. Дипломын сэдэв: "Монгол улс дахь нялхасын эндэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлс"-эд дата анализ хийх. Энэ талаар ажилладаг, судалгаа хийдэг таньдаг, мэддэг хүн байвал, хэлээрэй. Монголд очоод уулзмаар байна.
Aristotle: "The roots of education are bitter, but the fruits are sweet."

Tuesday, March 1, 2011

хуудас, хуудсаар


Нэг өгүүллэг уншаад их таалагдлаа. Хүмүүс амьдралд тохиолдож байгаа үйл явдлуудаас дүгнэлт хийхийг урьтал болгох хандлагатай байдаг гэнэ ээ. Гэтэл тэр тохиолдож буй үйл явдлууд сайн үр дагавартай юм уу, муу үр дагавартай юмуу гэдгийг яг тухайн үед хэлэх боломжгүй. Учир нь энэ бол 'амьдрал' хэмээх агуу том ботийн зөвхөн нэг л хуудас нь. Нэгхэн хуудас уншаад тухайн ном цаашид хэрхэн өрнөхийг, төгсөхийг дүгнэж болдоггүй шиг л..

Семестер дуусах гээд ойрд хичээл ихтэй байгаа ч, энэ үеийн хуудсууд маань ирээдүйн бүлгүүдэд нилээн ач холбогдол авч ирэх байх хэмээн найдан, шамдан сурсаар л байна. МУИС-т оюутан байсан үе минь санагдаж байна.. хичээлийнхээ хажуугаар карманы хэдэн мөнгө олох гэж сонинд зар өгөн бичгийн орчуулга хийн шөнөжин суудаг байж билээ. Намуухан аяз, өтгөн байхууг ханиа болгочоод л - ядарна гэдгийг ч тоож, мэдрэхгүй - гоё үе шүү.

Бүүр урд үеийн түүхийг сөхвөл, 10 жилд байхад хичээл тараад шууд харина гэж байдаггүй байж билээ. Өглөө 8аас ороод 12:25д тардаг байлуу.. Тарангуут багш компьютерийнхээ лаборатори луу бүгдийг нь оруулаад баахан бодлого өгөөд 6 хүртэл суулгачихдаг байлаа. Тооны гүнзгий анги байсан болохоор, өдөржин шөнөжин тоо бодоод л, тоогоор амьсгалсан он жилүүд байлаа. Гэрийн даалгавар гээд л бараг өдөр бүр 100 бодлого өгдөг байсан шиг санагдана. Заримдаа жоохон хүүхдүүдэд ахадсан мэт ачаалалтай байсан ч, бидэнд маш их тэсвэр хатуужил олгосон юм даа, багш минь, цаагуураа.

Багадаа олсон тэр чанар, оюутан байхад ашиг тусаа их өгсөн.. Хэдий яг тухайн үеүдийн хуудсууд ядралт, нойр хүрэлт, сульдалт, уйтгартай ч юм шиг түүх зөндөөтэй байсан ч, хойших бүлгүүддээ улам л баян өрнөлүүдийг өгч байсан юм байна аа.

Яг одоо унтах ч эрхгүй суугаа би өөрийгөө энэ бүх түүхээр зоригжуулан сууна. Улам л сайхан ирээдүй урд минь байна. Хэдхэн өдрийн нойр юу байх вэ, тэ.. тэглээ ч энэ долоо хоног дуусаад ангиараа долоо хоног field trip хийж, сайхан амрах болохоор..

шинэ уриа: хуудас, хуудсаар..