Wednesday, March 26, 2014

Бөөгнөрөн сарнисан бодрол

Одоо нойр минь сэргэлзэн шөнө дундаар сэрэхэд
Орчлон дэлхийн нөгөө талд нь хүмүүс сэрсэн бужигнаж байгаа
Идэх хоолгүй, ороо бусгаад шаналсан хүмүүс амьд байгаадаа талархаж байхад
Итгэл мухардсан би ганцаардалдаа өөртөө өрөвдөлтэй санагдана

Үргэлж намайг иймээрээ байсан шиг хүлээн аван
Үглэн сайшаах нь байвч, үнэн гайхаж толгой сэгсрэх нь ч бий - тэр нь би өөрөө

Мөрөөдлөө гүйцээхийн тулд мөхөөлдөс зарж мөнгөө цуглуулж
Мөн ч удаан хүлээсэн роликоо аван, хөлдөө углаж,
Зүрхэнд шигтгэгдсэн бяцхан хөвгүүнтэйгээ
Зөндөө удаан хамт гулгасан мөчөө нандигнан дурсаж байна

                         Харин одоо зүрх минь 
Өөрийгөө ч умартан солиорон дурлаж
Өчнөөн удаан шаналж, итгэсэн зүрхээ
Хурдан эдгэн төлжиж эдгэрээд
Худал үгүй цэвэр цагаахан хайртай учрахыг яарнам

Дурлахаараа хүн сохордог гэж
Дуу шүлгэнд л сонсч байснаас
Бие сэтгэлээрээ мэдрээд эргэн тойрон, үнэтэй бүхнээсээ жингүүрээд
Барьц алдаад, хөндийрдөгөө ч анзаардаггүй юм билээ

                       Ирээдүйд гэхдээ
Шархадсан зүрх, сорви хэдий гүн, аниагүй ч
Шаналж, гундуу явахтаа цэг тавимаар байна
Хэзээд үргэлж үнэнч байж, сайн бүхнийг ерөөдөг
Хайртай аав, ээж, дүү гуравтаа дахин төвлөрнө

Үнэндээ бяцхан охин байхаасаа авахуулаад
Үргэлж мөрөөдөж байсан ажил мэргэжилдээ хүрсэн ч
Гүндээ зүрх минь хоосон, хов хоосон юм шиг
Гуниг аяндаа бүрхээд байх юм

Саяхан Фэйсбүүкээр уншсан нэгэн статус
Санаа алдтал зүрх рүү минь харваж билээ
"Хэн нэгний шархадсан зүрхийг
 Хэн нэгэн хүн гарч ирэн түүнийг хайрлахаас нааш мартаж, эдгэрдэггүй" гэж үнэн байх аа,
                                                                                                                             итгэхийг хүснэ

Амьдралд би итгэлээ алдран
Ангалд байгаа мэт харанхуй байж, гэлдрэхийг хүсэхгүй байна
Гуравхан жилийн өмнө байсан гунигтай ч
Гуниг үгүй, мятрашгүй Чимгээ байхыг дахин хүснэм

Бодол минь яг одоо энд буусан шигээ
Бөөгнөрсөн, сарнисан, замбаараагүй мэт ч
Энэ л мөчид өөрийнхөөрөө байж, эгшсэн зүрхээ тайтгаруулахын тулд
Эрээчиж, сэтгэлээ онгойлгон нэгэн үүрийн гэгээг угтаж байна.

2014 оны 3 сарын 26-ны 05 цаг 40 мин
Улаанбаатар хот




Sunday, June 23, 2013

хөлний бэртлээс үүдэлтэй бодролууд

Хөлөө гэмтээгээд 4 долоо хоног гэртээ, эмнэлэгт нам хэвтлээ. Амьдралдаа хэзээ ч ийм хөдөлгөөн муутай өнгөрүүлж байгаагүй шиг санагдана. Энгийн үед ажил гэр, найз нөхөд, аав ээж рүүгээ ч дуртай гэгч нь алхаад алхаад очдог, мөн бүтэн сайн бүрт л уул хад гээд алга болдог адал явдалт амьдрал минь орон дээрээ хэвтэж өнгөрүүлсэн 4 долоо хоногоор солигдлоо.
Намайг ийм л нөхцөл байдалд оруулж, STOP, удаашир гэж хэлэх гэсэн юм болуу даа гэж бодож ч үзлээ. Орон дээрээ юу хийхэв.. овоо хэдэн ном уншиж, зөндөө зүйлийг эргэцүүлэн бодож, алдаа оноогоо бас дэнслээд авлаа.
Одоо бүхнийг шинээр эхэлнэ ээ. Би чадах болов уу? Чадаасай. 

Wednesday, February 13, 2013

сүүлийн үед их таалагдсан мөрт

'Цувж уурлаж
Цугтаа инээе' - anonymous

Saturday, November 3, 2012

Өвөл дөхөж байна даа.. цаанаа нэг л гунигтай мөртлөө, сэтгэл дулаахан юм уу даа.. учир нь надад одоо томоос том гэр бүл байгаа.. ууланд хамт алхдаг гэр бүл.. өвлийг бүгдээрээ хамтдаа инээж бүлээцүүлж угтаж, туулж, бас үднэ ээ.

Tuesday, May 15, 2012

Далд утга

Ажлын маань эгч энэ гайдыг бидэнтэй хуваалцсан юм. Уншаад үнэндээ итгээгүй болохоор, хамт ажилладаг Англи залуугаас та нар нээрээ ингэж цаагуур утгаар илэрхийлдиймуу гэсэн чинь 100% тийм гэсэн... би бараг ө боже мой.. арай ч дээ гэж бодсон ч үүнийг мэдэлгүйгээр үл ойшоогоод явж болохгүй юм байна аа гэж бодсондоо хүмүүст бас share-лэж байна аа... англи, европчуудтай ажил төрлөөр харьцдаг хүмүүс байвал бас уншаад авна биз ээ..

Wednesday, May 2, 2012

амьдрах сайхан

Яг одоо гадаа зуны орой шиг дув дулаахан, салхигүй намуухан орой байна.. хэсэг сая балкон дээрээ гарч зогслоо.. хүүхдүүд шуугилдаад л, залуу аав ээж нар хүүхдүүдээ салхилуулаад л.. Монголын минь нэгэн сайхан үдэш өнгөрч байна аа.. Миний нэг мөрөөдөл байдаг юм.. нэг л сайхан өдөр би тэр аз жаргалтай хосуудын адил хайртай залуутайгаа алхалж, хөөрхөн хүүхдээ тоглуулаад л, өвөө эмээ болсон ч хамтдаа гадаанаа салхилаад л.. амьдрах сайхаан...